18 November 2011
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд 2008 онд байгуулсан санхүүгийн гэрээний дагуу Дэлхийн банкны зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл” 2009 оны 5 сараас эхэлсэн бөгөөд 2012 оны 12 сард төслийг хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн. Төслийн хэрэгжилтийн хүрээнд уул уурхайн салбарын удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтыг сайжруулах, улсын төсөвт уул уурхайн салбараас оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, түүхий эдийн үнийн циклд үндэслэн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж орлогын урсгалын зохистой хуваарилалтыг зохицуулах, төрийн өмчийн оролцоог удирдан хянах чадавхийг бэхжүүлэх, уул уурхайн болон геологийн дижитал мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын байгаль орчин, эрүүл ахуй ба аюулгүй ажиллагааны эрсдлийг бууруулах зэрэг олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж ирсэн. Уг төслийн хэрэгжилтийг дүгнэх дунд хугацааны үнэлгээний семинар 2011 оны 11 сарын 17-нд Их тэнгэр цогцолборт болж өнгөрлөө.
Семинарт төслийн шууд ашиг хүртэгч байгууллагууд болох ЭБЭХЯ, АМГ, СЯ, ТЕГ, ТӨХ, Эрдэнэс МГЛ ХХК болон Эрчим хүчний газар, Газрын тосны газар, Улсын мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн байгууллагуудаас гадна Монголын үндэсний уул уурхайн холбоо, Хариуцлагатай уул уурхайн санаачлага, Олборлох салбарын ил тод байдлын санаачлага, Байгаль орчны иргэний зөвлөл зэрэг иргэний нийгмийн байгууллагууд, мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Германы хөгжлийн хамтын ажиллагаа, Щвейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг зэрэг олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцов.
Тус семинарыг төслийн ашиг хүртэгч байгууллагууд болон салбарын үндсэн оролцогч байгууллагуудын төлөөллөөс төслийн хэрэгжилтийн байдалд санал зөвлөмж авах, Монголын уул уурхайн салбарын хөгжилд тулгамдаж буй гол асуудлууд болон тэдгээрт анхаарлаа хандуулах, шийдвэрлэх арга замын талаар оролцогчдын санал бодлыг авах зорилгоор зохион байгуулсан ба семинарын үеэр оролцогчид төслийн гүйцэтгэлийг зорилготой нь харьцуулан үнэлж, санал, шүүмжлэлээ илэрхийллээ. Мөн уул уурхайн салбар дахь хууль эрх зүйн орчин, татварын асуудал, байгаль орчны нөхөн сэргээлт зэрэг тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж уул уурхайн салбарт иргэний нийгмийн оролцоо дутагдаж байгаа, төрийн оролцооны зөв тогтолцоо хэрэгтэй, уул уурхайн салбараас орох орлогын хуувиарлалтыг зөв, шударга байлгах зэрэг олон асуудалд өөрсдийн дуу хойлоогоо өргөлөө. Дээрх санал шүүмжийг судалж, төслийн зорилгод нийцэх саналуудыг төслийн цаашдын хэрэгжилтийг сайжруулахад тусгах төдийгүй төслийн дизайнд өөрчлөлт оруулан ажиллах боломжтойг зохион байгуулагч тал болох Дэлхийн банк, төслийн удирдах хороо, төсөл хэрэгжүүлэх нэгжээс оролцогч байгууллагуудад мэдэгдэл хийсэн байна.